Интеграл-Онлайн уралдаан дүнгээ гаргалаа

2015-2016 оны хичээлийн жилд Интеграл-Онлайн цахим хуудасны хэрэглэгчдийн дунд зарласан Iphone утасны супер шагналтай уралдааны эцсийн даваа 2016 оны 5-р сарын 15-ны өдөр МУИС-ийн хичээлийн I байранд боллоо.

Уралдааны сүүлийн шатанд нийт 80 сурагч шалгарснаас 27 сурагч өөрийн биеэр ирж оролцлоо. Амралтын өдрөө цаг зав гаргаж ирж оролцсон нийт оролцогчиддоо баярлалаа. Мөн сүүлийн шатанд шалгарсан боловч хөдөө орон нутгаас ирж оролцож чадаагүй сурагчиддаасаа хүлцэл өчье. Дараагийн удаад хөдөө орон нутгийн сурагчидаа аль болох уралдааны сүүлийн даваанд оролцох боломжийг хангах талаар анхаарах болно.

Уралдааны эцсийн даваанд нийт 100 оноо бүхий 25 бодлогыг 80 минутын туршид бодож уралдсанаас Баянзүрх дүүргийн 14-р сургуулийн 12А ангийн сурагч Э. Ариунзаяа 73 оноо авч түрүүлэн хамгийн сүүлийн үеийн Iphone SE загварын ухаалаг утасны эзэн боллоо. 2-р байрт Шинэ Монгол бүрэн дунд сургуулийн 11-3 ангийн сурагч Г. Наранбүүвэй 68 оноогоор, 3-р байрт Сант сургуулийн 11-р ангийн сурагч Б. Золбаяр 67 оноогоор тус тус шалгарч тус бүр 200-300 мянган төгрөгийн Монбушо шалгалтанд бэлтгэх сургалтын эрх хожлоо. Мөн шагналт байранд шалгарсан Сант сургуулийн 12-р ангийн сурагч Д. Одбаатар, Шинэ Монгол бүрэн дунд сургуулийн сурагч А. Тэргэл нар мөн сургалтын 100 мянган төгрөгийн хөнгөлөлтийн эрхийн эзэн боллоо.

Уралдааны сүүлийн даваанд шалгарч оролцсон нийт сурагчиддаа бүтэн жилийн туршид www.integral.mn хуудсаар дамжин явагдах бүх төрлийн онлайн сургалтанд үнэ төлбөргүй хамрагдах эрхээр шагналаа.

Бүтэн жилийн турш бидэнтэй хамт байж 18777 тест бодож ирүүлсэн нийт сурагчиддаа удахгүй болох ЭЕШ-даа амжилттай оролцохыг хүсэн ерөөе!

Сарын хугацаанд ч их зүйл сурч болно

Интеграл-Онлайн цахим хуудаснаас бүх гишүүдийнхээ дунд зарлан явуулсан уралдаанд түрүүлж Iphone SE ухаалаг утасны эзэн болсон Баянзүрх дүүргийн 14-р дунд сургуулийн 12А ангийн сурагч Э. Ариунзаяатай манай сайтын админ Б. Батбаясгалангийн хийсэн ярилцлага:

Сайн байна уу? Юуны өмнө манай уралдаанд амжилттай оролцож түрүүлсэн явдалд дахин баяр хүргэе! Анх манай уралдааны талаар хэрхэн мэдсэн бэ?

Баярлалаа. Энэхүү уралдаанд оролцсондоо маш баяртай байна. Анх математикийн багш маань мэдээлэл өгсөн.

Чамайг анх гишүүнээр элсэж байх үеийг санаж байна л даа. Одоо эргээд бодоход өөртөө нилээд итгэлтэй байсан санагдаж байна. Шинэ Монгол, Сант, ШУТИС-ийн лицей, 11-р сургуулийн гээд олон мундаг сурагчид байсан болохоор миний хувьд чамайг ингээд түрүүлчихнэ гэж бодсонгүй ээ. Урьд нь ямар нэг уралдаан тэмцээнд оролцож байсан уу?

Математикийн олон уралдаан тэмцээнд оролцсон. Одоо дөч гаруй шагнал урамшуулал авсан байгаа.

Аан тэгвэл туршлагатай хүн юм байна.  Олон сайн хүүхэд шалгаруулаад өрсөлдүүлж байгаа болохоор бид нилээд бодож байж бодлогуудаа сонгосон л доо. Шалгалтын бодлогууд хир хүнд байсан бэ? Чиний хувьд бодлогын сонголт хир санагдав?

Би 4-р сард л бүртгүүлсэн. Гэвч би өмнөх сарын бүх бодлогуудыг нь харж өөрийн хүнд гэсэн бодлогоо хадгалаад тэдгээрийгээ, мөн бодож чадаагүй бодлогонуудынхаа бодолтуудыг тэмдэглээд явсан. Тэр бодлогонуудаас минь хэд хэд харагдсан. Тэр бас нэг давуу тал болсон байх. Бодлого сонголт их таалагдсан :)).

Тэгвэл чи манай программыг их үр дүнтэй зөв ашигладаг юм байна. Уг нь бодлогоо хадгалаад дараа нь эргэж харах бол яах аргагүй хэрэгтэй хэрэгсэл байгаа юм. Харамсалтай нь цөөхөн хүн ашиглаж байх шиг байгаа юм.

Надад их таалагдсан хүүхдүүд хэрэглэдэг байхаа.

Одооноос эхлээд хүүхдүүд хэрэглэдэг болох байхаа. Чи их сайн сурталчилгаа хийж өглөө. Манай онлайн сургалтын талаар ямар сэтгэгдэлтэй байна. Мэдээж одоо бол их өндөр сэтгэгдэлтэй байгаа байх л даа. Чиний хувьд юу нь хамгийн их таалагдаж байна вэ? Бас юуг нь сайжруулбал дээр вэ?

Математик, физикийн хичээл дээр бодлогын жишээ сайн харж байж бодлого бодох аргаа олдог. Гэтэл сургалтын материал дээр хангалттай жишээ байдаггүй. Хүүхэд бие дааж хийх боломж байдаггүй. Харин танайх энэ талаараа маш давуу байж чадсан. Мөн тест сорилууд ЭЕШ-ийн дадлага болж байгаа. Сайжруулах тал дээр өдөртөө илүү олон бодлого тавьбал л гоё :”))

Хэрвээ нууц биш бол ямар мэргэжлээр, хаана суралцах уу гээд цаашдынхаа төлөвлөгөөний талаар бидэнтэй хуваалцаач?

Багшаа энэ асуултыг алгасаж болох уу :))

Бололгүй яахав. Одоо цөөхөн асуулт үлдсэн. :)) Удахгүй болох ЭЕШ-д бэлдэж байгаа бусад найз нөхөд, сурагчиддаа зориулж юу зөвлөх вэ?

Үлдсэн хугацаагаа үр ашигтай өнгөрөөж, өөрсдийн хүссэн сургуулийнхаа хуваарийг авцгаагаарай. Амжилт!

Цаашдаа улам хичээж зорьсон зорилгоо биелүүлээрэй!

Баярлалаа. Мөн танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье!

Баярлалаа. Бид ч бас улам хичээх болноо.

Эцсийн шалгаруулалтын тов

Iphone уралдааны эцсийн шатны шалгаруулалт МУИС-ийн хичээлийн 1-р байрны 330 тоотод болохоор боллоо. Шалгарсан сурагчид 2016 оны 5-р сарын 14-ны бямба гарагийн 14:30-д МУИС-ийн хичээлийн I байрны гадаа бэлэн байна уу. Шалгалт эхлэхээс өмнө шалгалтын журмыг танилцуулах бөгөөд шалгалтанд хоцорч ирсэн тохиолдолд оролцох боломжгүй болно. Мөн уралдаанд оролцогч өөрийгөө мөн гэдгийг нотлох (иргэний үнэмлэх, хувийн хэрэг, сургуулийн зурагтай тодорхойлолт гэх мэт) баримт бичиг авч ирнэ үү (шаардлагатай тохиолдолд шалгаж үзнэ).

Iphone6s уралдааны 4-р сарын дүн

Iphone6s уралдааны 4-р сарын дүн гарлаа. Уралдааны дүрэм ёсоор өмнө шалгарсан сурагчдыг оролцуулалгүйгээр сурагчдыг жагсаахад дараах сурагчид эхний 10 байрт шалгарч уралдааны эцсийн шатны шалгаруулалтанд оролцох эрхээ авлаа.

Нэрс 4-р сарын оноо
1 Э. Ариука 502
2 Ariundalai Erdenesuren 501
1 Enhjin Tumen-ulzii 475
4 Nomin Nomiock 366
5 Д. Тулга 314
6 Gantogoo Oyunbat 301
7 Л. Марал 281
8 Margad Erdene 238
9 Э. Мөнхтуяа 257
10 М. Гантогтох 233

iphone6s уралдааны 3-р сарын дүн

Iphone6s уралдааны 3-р сарын дүн гарлаа. Уралдаан 3-р сарын 10-наас 3-р сарын 31-ны хооронд явагдав. Энэ сарын уралдааны хувьд зөвхөн тухайн өдөртөө амжиж оруулсан хариултуудыг тооцсон байгаа. Мөн аль нэг бодлого дээр буруу хариулт эхэлж оруулаад сүүлд нь зөв хариулт илгээсэн бол эхний хариултаар оноо тооцсон болно. Мөн уралдааны дүрэм ёсоор өмнө шалгарсан сурагчдыг оролцуулалгүйгээр сурагчдыг жагсаахад дараах сурагчид эхний 10 байрт шалгарч уралдааны эцсийн шатны шалгаруулалтанд оролцох эрхээ авлаа.

Нэрс 3-р сарын оноо
1 Э. Оргилмаа 349
2 Б. Наму 349
3 О. Нямсүрэн 343
4 Э. Дамбийням 339
5  Д. Саруул 333
6 Jaagii Berkhee 326
7  Г. Цэвээндолгор 322
8 Naagii Dashdorj 316
9 Ганаа Ариунзаяа /өмнө шалгарсан/ 312
10 Б.Б. Насаа 311
11 Tsetsi Begz нөхөж оруулсан

Уралдааны өмнөх саруудын дүн:

Iphone6s уралдааны 2-р сарын дүн

Iphone6s уралдааны 1-р сарын дүн гарлаа

Уралдааны удирдамж:

Интеграл-Онлайн Уралдааны удирдамж

MONBUSHO шалгалтанд бэлтгэх сургалт

Интеграл сургалтын төв ШУТИС-ын Коосэн загварын Технологийн Дээд Сургууль хамтран Японы шалгалт өгөх хүмүүст зориулсан сургалт явуулна. Энэ шалгалтын талаар мэдэхийг хүсвэл эндээс харна уу.

Монбушо 2016 zar

Япон улсын Засгийн Газрын тэтгэлэтээр Япон улсад суралцуулах шалгалтанд /MONBUSHO/ бэлтгэгчидэд зориулсан МАТЕМАТИК, ФИЗИК, АНГЛИ ХЭЛ-ний сургалтын танилцуулга.

Интеграл төв нь 1999 оноос 2010 он хүртэл математик, англи хэл, физикийн сургалтыг тогтмол явуулж байсан ба 2011 оноос математик физикийн хичээлээр сургалт явуулж байсан. Манай сургалтын төвийн сургалтанд хамрагдан Япон улсад суралцсан баклавр, магистрын оюутан 130 гаран болоод байна. ШУТИС-ийн Коосэн загварын Технологийн Дээд сургууль нь Японы Боловсролын Яамны Коосэнгийн агентлагтай нягт хамтран ажилладаг бөгөөд монголд коосэн боловсролын тогтолцоог нэвтрүүлж, туршилт дадлагад суурилсан инженерийн боловсрол олгож байна Мэргэжлийн болон ерөнхий эрдмийн Япон багш нартай.

Манайд хичэээл заах багш нарын тухай:

Доктор Даянцолмон 2014 онд Япон улсад математикийн доктор хамгаалсан. MONBUSHO хөтөлбөрт хамрагдан суралцсан. 1999 оноос эхлэх энэ шалгалтанд сурагчид бэлдэж эхлэсэн.  Интеграл төвийг үүсгэн байгуулагч

Гавъат багш Бавуудорж, Шинэ Монгол эрдмийн хүрээлэнд зөвлөхөөр ажилладаг. Шинэ Монгол ахлах сургуулийн сурагчидыг MONBUSHO шалгалтанд бэлтгэдэг байсан. Улсын физикийн олимпиадыг зохион байгуулах хорооны гишүүн, УФО-ийн олон удаагийн аварга, энэ жил түүний 8 шавь Япон улсад энэ тэтгэлэгээр сурахаар мордож байна.

Доктрант АБТА Хосбаяр ХУИС д багш. 16 жил багшаар ажиллаж байгаа. Энэ шалгалтанд хүүхэд бэлтгэж байсан туршлагатай. 2 жил Лондонд мэргэжил дээшлүүлсэн.

Төлбөр:

Математик 200000

Физик           160000

Англи хэл   160000

Математик+Физик 330000

Математик+Англи хэл 330000

Математик+ Физик+Англи хэл 470000 төгрөг

Хичээллэх өдөр

Математик 7 хоногт 3 удаа 3 цагаар     Даваа, Лхагва, Баасан гаригт

Физик 7 хоногт 2 удаа 3 цаг+ 4 цаг       Мягмар, Бямба гаригт

Англи хэл 7 хоногт 2 удаа 4 цаг+ 3 цаг Пүрэв, Бямба гаригт

Хичээл ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн Дээд сургууль   дээр явагдна.

Хаяг: Залуучууд зочид буудлын эсрэг талд, ШУТИС-ийн хичээлийн 4-р байр хойд талын хаалгаар орно.

Бүртэлийг ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн Дээд сургууль дээр 14 цагаас хойш.

Бүртгүүлэхдээ 1 хувь зураг, төлбөрийг ХААН банкны 5034441178  дансанд тушаасан баримтыг авч ирнэ.

Утас   91112781 99154846 99092781

10 жил уралдлаа бахь байдгаараа л байна, ямар нэг зүйл буруу байгаа юм биш үү?

Манайхан ч уралдаан тэмцээнд үнэхээр дуртай улс юм даа. Долоо хоног бүр л элдэв янзын уралдаан тэмцээн болж байна. Эдгээрийн дотор гайгүй сайн зохион байгуулж байгаа нь ч байна, тааруухан зохион байгуулалттай нь ч байж л байна.

Чухам хэзээнээс ингэж олимпиад моод болсныг сайн мэдэхгүй юм. Лав л намайг 1999 онд МУИС төгсөөд Унгар улсад сурахаар явах үед дүүрэг, хот, улс болон нэрт математикч П.Энхболд агсны нэрэмжит олимпиад, олон улсын хот хоорондын олимпиадаас өөр олимпиад болдоггүй байсан. Тэгэхээр 2000-2003 оны хавьцаа л долоо хоног бүр олимпиад болдог жишиг тогтсон байх. Ингэхээр  бид лавтайяа 10 гаруй жил олимпиадаар амьсгалжээ.

Миний бие 2003 оны хавар Унгараас ирээд намар нь Сант сургуулийн хэсэг сурагчдад олимпиадын бэлтгэл хичээл оров. Тухайн үед дөнгөж шинээр багш болж байсан тул 10 настай жаахан хүүхдүүдэд хичээл орох бас ч гэж эв дүй шаардсан хүндхэн ажил байсан. Эхний ганц хоёр хичээл орлоо. Өгсөн бодлогуудыг гялалзтал бодоод урамтай байна шүү. Гэхдээ удалгүй нилээд хэдэн зүйл дээр эргэлзэж эхэлсэн бөгөөд тэрхүү эргэлзээ маань өнөөдөр энэ нийтлэлийг бичих шалтгаан боллоо.

Тэгэхээр олон зүйл нуршилгүй гол асуудлуудаа бичье.

  1. Бага ангийн сурагчдыг олимпиадад ийм өндөр түвшинд бэлдэх шаардлагатай юу? Үүний ашиг тус болоод хор хөнөөл нь юу вэ?
  2. 7 хоног бүр олимпиад хийсний ашиг тус нь юу вэ?
  3. Энэ бүхний эцэст хүүхэд математикт дур сонирхолтой болох уу?

Миний хувьд эдгээрт дараа, дараагийнхаа нийтлэлээр тодорхой хариулт өгөх болно. Тэр болтол та бүхэн эдгээр асуудлуудыг дор бүрдээ тунгааж үзвэл ямар вэ?

 

Iphone6s уралдааны 2-р сарын дүн

Программын шинэчлэлттэй холбоотойгоор Iphone6s уралдааны 2-р сарын дүнг хойшлуулсанд хүлцэл өчье. Уралдааны дүрэм ёсоор өмнө шалгарсан сурагчдыг оролцуулалгүйгээр сурагчдыг жагсаахад дараах сурагчид эхний 10 байрт шалгарч уралдааны эцсийн шатны шалгаруулалтанд оролцох эрхээ авлаа.

Нэрс 2-р сарын оноо
1 Б. Энхпүрэв 390
2 Last Greed 386
3 Ц. Бямбасүрэн 348
4 Suvd Erdene 344
5 Hulan Tuvshinjargal 326
6 Namuun Namu 322
7 Мөнх Оргил 311
8 Avidmaa Altangerel 290
9 Taivanjargal Taivnaa 288
10 Пикачүү К. 256

Уралдааны өмнөх саруудын дүн:

Iphone6s уралдааны 1-р сарын дүн гарлаа

Уралдааны удирдамж:

Интеграл-Онлайн Уралдааны удирдамж

“ЭЕШ-дээ өөрийгөө бэлдье!” цуврал зөвлөмж

Зөвлөмж 1

Аав ээжүүд маань хүүхдээ тоо бод, шалгалтандаа бэлд гэж хэлдэг. Гэтэл яг ямар сэдвийн бодлого бодохыг хэн ч хэлж өгдөггүй. Хэлж өгөх боломж ч муу юм. Учир нь аав ээжүүд маань хүүгээ, охиноо аль сэдэвт муу болохыг мэдэхгүй. Хүүхдүүд маань өөрийн дуртай, чаддаг сэдвийн бодлогоо л боддог.

 Хамаатны дүүгийнхээ шалгалтанд бэлдсэн талаар бичье.                         Сурагч Бат гэртээ ЭЕШ-дээ бэлддэг. Бат логарифм, тригонометр сэдвийн бодлого бодох дуртай, бас энэ сэдвүүдийг сайн мэддэг. Бат бодлого бодохоороо хамгийн түрүүнд логарифм, тригонометрийн бодлого боддог. Бат интеграл, уламжлал сэдвийг сайн ойлгоогүй.  Тийм болохоор эдгээр сэдвийн бодлогуудыг бодох дургүй. Бат ЭЕШ хүртэл бие даан маш хичээнгүйлэн бэлдэж шалгалтанд оров. Гэвч шалгалтанд сайн амжилт үзүүлж чадсангүй. Учир нь шалгалтанд логарифмын 2 бодлого, тригонометрийн 4 бодлого ирснийг маш хурдан бодов. Харин интеграл, уламжлалын 7 бодлого ирсэн ба дөнгөж 2-ийг нь л бодов.

Үнэндээ Бат шалгалтандаа бэлтгэхдээ аль сэдвийн бодлогуудыг бодохоо мэдэж байсан бол хамаагүй өндөр оноо авах боломжтой байлаа. Батын шалгалтанд бэлтгэсэн их хөдөлмөрийн ихэнхи хувь нь шалгалтын оноог нэмэгдүүлэхэд нөлөөлсөнгүй. Шалгалтанд бэлтгэж логарифм бодоогүй байсан ч логарифмын 2 бодлогоо бодож чадах байлаа.  Тиймээс логарифм тригонометр бодож зарцуулсан цагтаа интеграл, уламжлалаа бодсон  бол үр дүнтэй байх байлаа.

http://www.integral.mn/stats.php хуудсыг ЭЕШ-нд бэлтгэхдээ хэрхэн хэрэглэх талаар зөвлөмж хүргэе.

Статистик цэсийг хэрэглэх

Энэ байдлыг яаж засах вэ? Интеграл онлайн сургалтанд хамрагдсан сурагчдын хувьд энэ алдааг давтахгүй байх боломж байна. Манай сайтын “Статистик” хуудасны баганан диаграммыг хэрхэн ашиглах талаар зөвлөгөө өгье.

Screen Shot 2016-03-05 at 12.57.14

Хэрэглэгчийн хувьд энэ диаграмм харагдана. Ногоон багана бүр тухайн сэдвээр зөв бодож авсан оноог, цагаан багана нь буруу бодож алдсан оноог харуулна. Бид бодлого сонгохдоо ЭЕШ-нд ирдэг давтамжаар бодлогоо сонгон тавьдаг ба шалгалтанд хамгийн их ирдэг бодлого хамгийн олон удаа тавигддаг гэсэн үг. Тиймээс хүүхэд хамгийн өндөр цагаан баганатай сэдвийг хамгийн түрүүнд бэлдэх ёстой. Хэрэв энэ хэрэглэгч илтгэгч ба логарифм сэдвийг 10 цаг бэлдэхэд ЭЕШ-ын оноо 1 оноогоор нэмэгддэг гэж үзвэл анализ сэдвийг 10 цаг бэлдэхэд 1-ээс илүү оноогоор нэмэгдэх юм. Иймд анализ сэдвийг эхлэж бэлдэх шаардлагатай гэсэн үг. Энэ диаграммын дагуу шалгалтандаа бэлдвэл дүн чинь хурдан дээшлэх болно.

 Санамж: Интеграл онлайн сургалтанд дор хаяж 20 хоног орж бодлого бодож мэдээлэл хуримтлагдсаны дараа энэ диаграмм хүүхдийн мэдлэгийг үнэн зөв харуулах болно.

Тестийн программын шинэчлэлтийн талаар

Интеграл Онлайн тестийн хуудас программаа шинэчилж байна.

Шинэчлэлийн хүрээнд дараах зүйлсийг анхааралдаа авна уу.

Багшийн хуудас түр хугацаанд ажиллахгүй. Шаардлагатай тохиолдолд холбоо бариарай!

Өдрийн тестийн PDF хувилбарууд одоогоор татагдах боломжгүй байгаа.

Тестийн программд гарч болзошгүй доголдлоос шалтгаалан ipone6s уралдааны энэ сарын уралдааныг 3-р сарын 10-наас 3-р сарын 31-ны хооронд дүгнэнэ.

Iphone6s уралдааны 2-р сарын дүнг тун удахгүй та бүхэнд хүргэх болно.

Өдрийн тестийг хийж дууссаны дараа дэлгэцийн зүүн доод буланд байрлах “Дүнг илгээх” товчийг дарж илгээгээрэй!

Программын өөрчлөлтийн талаар дэлгэрэнгүй танилцуулгыг та бүхэнд тун удахгүй хүргэх болно.

Та бүхэнд амжилт хүсье!